Logo
"Монгол Төмс" хөтөлбөр  
 
Хэрэгжүүлэгч:  
SDC Logo
 
 
                   

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 






Та бүхэн "Монгол Төмс" хөтөлбөрийн вэб хуудаст тавтай морилно уу.

Төв аймгийн Жаргалант сум, лицензтэй албан үр үржүүлэгч

Хөтөлбөрийн товч танилцуулга

Монголд төмс нь хураан авч буй ургацын хэмжээ, хүнсний ач холбогдлоороо буудайн дараа ордог, иймээс ч төмсийг хоёрдогч талх хэмээн нэрлэдэг. Судалгаанаас үзэхэд  хүн амын өргөн хэрэгцээний, тариалж ургуулж, ашиглах дадлагатай болсон, хэрэглэж заншсан бүтээгдэхүүний нэг нь төмс бөгөөд жилд нэг хүний хэрэглээний дундаж нормоор (46 кг) тооцож үзэхэд 130 мянган тонн төмс хэрэглэж байгаагийн тэн хагасыг нь импортоор хангадаг байна. Судалгааны материалд тулгуурлан дүгнэхэд Монгол оронд төмс үйлдвэрлэлийг хязгаарлаж байгаа, нэгжийн ургац бага байгаа гол хүчин зүйлүүд нь нутагшсан сортын сайн чанарын эрүүл үрийн материал хүрэлцээгүй, орон нутгийн нөхцөлд дасан зохицсон, шилдэг сайн сортууд дутагдалтай, усалгаатай төмсний тариалан эрхлэхэд бэрхшээлтэй, төмс хадгалах зоорины хүчин чадал хангалтгүй, бордоо, ургамал хамгааллын бодисын олдоц ховор, шинээр тариалагчдын технологи, менежментийн дадлага мэдлэг хомс зэрэг хүчин зүйлүүд гэж үзэж болно.

Монгол дахь Швейцарийн Хөгжлийн Агентлагаас (SDC) 2004 онд явуулсан судалгааны эхний үе шатанд оролцогсод төмсний аж ахуйн секторыг сэргээн хөгжүүлэх талаар Монголын төр засгаас тодорхой арга хэмжээ авахыг санал болгож, энэ нь Эдийн Засгийн Өсөлтийг Дэмжих болон Ядуурлыг Бууруулах Стратегийн хэрэгжилтэнд тодорхой хувь нэмэр болох ёстой гэдэгтэй санал нэгдсэн.

Иймээс Хөтөлбөр нь 2004-2007 онд 1-р үе шатанд тавигдсан зорилго болох төмсний үрийн хангалтын төвлөрсөн системийг задалж үндэсний хэмжээнд сайн чанарын үр үйлдвэрлэж түгээх сүлжээг бий болгосноор төмс үйлдвэрлэлийг тогтвортой үр ашигтай явуулах суурийг тавьж өгсөн.

Одоо Хөтөлбөрт төвийн болон бүсийн 4 Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамнаас төмсний элит үр үйлдвэрлэх лиценз авсан 4 үрийн компани, хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн 72 сумаас сонгож авсан 102 албан бус төмсний үр үржүүлэгч фермерүүд хамрагдаж, нийтдээ 204 гаруй га талбайд Импала, Витара, Санте, Романа сортуудыг усалгаатай ба усалгаагүй нөхцөлд тариалсан ба нэгжийн ургац нь 150-380 цн/га хүрсэн нь одоогийн манай улсын дунджаас даруй 2-4 дахин их байгаа нь тухайн сорт Монгол орны нөхцөлд сайн чанарын өндөр ургац өгөх боломжтойг харуулж байна.

1-р үе шатны ололт амжилтандаа үндэслэн 2008-2011 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн 2-р үе шатандаа Монголын төмсний салбарын бүтээмжийг сайжруулах замаар хэрэглэгчдийг дотоодын үйлдвэрлэлийн эрүүл, тэжээллэг хүнсний төмсөөр хангах болон өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго тавин ажиллаж байна. Төмсний бүтээгдэхүүн дотор эзлэх үндэсний үйлдвэрлэлийн хувийн жинг тасралтгүй нэмэгдүүлж, хүрэлцээг сайжруулах, экологийн хүнс үйлдвэрлэлийн суурийг бэхжүүлэх зорилготой.

Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дор дурьдсан зорилтуудыг тавьж ажиллана. Үүнд:

1. Үр үржүүлэг, үрийн хангалтын системийг хөгжүүлэх;

2. Үйлдвэрлэл-технологийг сайжруулах; 

3. Хүнсний тэжээллэг чанарыг сайжруулах;  

4. Бүх түвшинд чадавхийг бэхжүүлэх.

Энэхүү 2 дахь шатны арга хэмжээ бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсад төмсний үр үйлдвэрлэлийн систем бүрэн шинэчлэгдэж, төмсний аж ахуйн салбар газар тариалангийн биеэ даасан, үндсэн салбарын хэмжээнд хөгжиж, Монгол Улс төмснийхээ хэрэгцээг дотоодынхоо үйлдвэрлэлээр бүрэн хангах юм.  

Хөтөлбөрийн Удирдлагын Нэгж